ХУУДАСУУД

Monday, February 2, 2015

Увс аймгийн төсөв, санхүү шилэн дансанд бүрэн шилжлээ


       Шилэн дансны хууль Увс аймагт амжилттай хэрэгжиж байна. Увс аймгийн хувьд төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах “Шилэн халаас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан нь Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд сайнаар нөлөөллөө. Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах зорилгоор 2012 оноос Увс аймагт Шилэн халаас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгууллагууд төсвийн зарцуулалт, худалдан авалтаа сар, улирал жилээр байгууллагынхаа цахим хуудас болон мэдээллийн самбараар олон нийтэд хүргэж хэвшсэн. Мөн нийт ажилтнууддаа байгууллагынхаа хурлаар тайлагнадаг журмыг мөрдөж ажиллаж байсан нь ажилтнууд байгууллагынхаа төсөв санхүүд хяналт тавих боложмийг олгож байсан юм. 
Шилэн дансны хуулийн дагуу байгуу төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийн мэдээллийг Шилэн дансны цахим хуудсанд байрлуулах ёстой. Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас төсөв, санхүүгийн мэдээллээ цахим хуудсанд байршуулсан байдалд хяналт, шинжилгээ хийсэн байна. Увс аймгийн хувьд татан буугдсан байгууллагуудыг хасаад 221 байгууллага мэдээллээ Шилэн дансны цахим хуудсанд байршуулж дуусчээ. Иинхүү Увс аймгийн төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүд төсөв санхүүгийн мэдээллээ шилэн болгоод байна. Байгууллагын дарга, нягтлангууд төсвийн зарцуулалт, худалдан авалтаа тухай бүр нь шилэн дансанд шивж оруулах үүргийг хуулиар хүлээсэн. Тэгэхээр иргэн та хүссэн үедээ интернетээр байгууллагын төсөв, түүний зарцуулалт, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг авах боломжтой болж байна. hhtps://shilendans.gov.mn  цахим хуудасны Орон нутаг гэсэн цэсийг сонгон аймгаа сонгоод хүссэн байгууллагынхаа төсөв, санхүүгийн мэдээллийг авах боломжтой юм.